Дижитал хөрөнгийн токенжуулалтын платформ Denode нь 2022 онд Санхүүгийн Зохицуулах Хороо (СЗХ)-нд бүртгүүлж хууль ёсны зохицуулалттай Виртуал Хөрөнгийн Үйлчилгээ Үзүүлэгчийн (ВХҮҮ) үйл ажиллагааг явуулсаар ирсэн билээ.
Энэхүү 2025 оны үйл ажиллагааны тайлан нь СЗХ-ны 175 дугаар тогтоолоор баталсан "Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааны журам"-ын дагуу бэлтгэгдсэн болно.
Denode биржийн талаарх товч танилцуулга
АНД Дэнөүд ХХК нь 2021 оны 11-р сард АНД Глобал группийн охин компани болж байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани юм.
СЗХ-ны зохицуулалттай крипто бирж болох Denode.io нь криптовалют болон уламжлалт санхүүгийн бүтээгдэхүүнийг блокчэйн технологиор холбож, хэрэглэгчдэд өрсөлдөхүйц үнээр, өндөр хөрвөх чадвартайгаар дижитал хөрөнгөө удирдах найдвартай платформыг санал болгосоор иржээ.
Denode биржийн хөгжүүлэлтийн баг нь блокчэйн технологи, криптовалютын арилжаа, дижитал хөрөнгийн токенжуулалтын чиглэлээр мэргэшсэн туршлагатай Монгол мэргэжилтнүүдээс бүрдсэн байдаг.
Зохицуулалттай криптовалютын үйлчилгээ
Denode.io платформ нь Монгол улсад мөрдөгдөж буй Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн дагуу харилцагчдад дараах зохицуулалттай виртуал хөрөнгийн үйлчилгээг үзүүлж байна:
- Виртуал хөрөнгө, албан ёсны мөнгөн тэмдэгт хооронд арилжих;
- Нэг болон олон төрлийн виртуал хөрөнгийг хооронд нь арилжих;
- Виртуал хөрөнгийг шилжүүлэх;
- Дижитал хөрөнгө, түүнд хамаарах хэрэгслийг хадгалах, удирдах;
- Токенжуулсан үнэт цаасыг нийтэд санал болгох, худалдахтай холбоотой үйл ажиллагааг зохион байгуулах, санхүүгийн үйл ажиллагаанд оролцох болон үйлчилгээ үзүүлэх.
Denode бирж нь Bitcoin (BTC), Ethereum (ETH), Solana (SOL), Dogecoin (DOGE) зэрэг олон улсын түгээмэл криптовалютаас гадна Монголд анхны хууль ёсны Apple (AAPL), Tesla (TSLA), Amazon (AMZN), NVIDIA (NVDA) зэрэг дэлхийн томоохон компаниудын хувьцааны токеныг болон шинэлэг тогтмол өгөөжтэй токенуудыг хэрэглэгчдэдээ гаргасан. Түүнчлэн Denode Launchpad-аар дамжуулан бодит хөрөнгийг (RWA) токенжуулах боломжийг олгож, уламжлалт санхүүгийн хэрэгслүүдийг блокчэйн дээр авчирч байна.
Denode биржийн 2025 оны үйл ажиллагааны хураангуй
2025 оны турш Denode биржийн үйл ажиллагаа, хууль журмын нийцэл, компанийн засаглал хэвийн явагджээ.
- Жил бүр СЗХ-оос зохион байгуулдаг газар дээрх төлөвлөгөөт хянан шалгалтыг Denode бирж 2025 онд өмнөх оны адил шаардлагуудыг бүрэн биелүүлж, ирүүлсэн зөвлөгөө бүрийг хэрэгжүүлж, сайжруулалтуудыг хийв.
- Мэдээллийн аюулгүй байдлын ISO/IEC 27001:2013 стандартаас шилжиж, шинэчилсэн ISO/IEC 27001:2022 стандартыг мөрдөн ажилласнаар 2025 оны 7 дугаар сард хяналтын аудитаар шинэ стандартын гэрчилгээгээ баталгаажуулав.
- Мөнгө угаах, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх зорилгоор гүйлгээний автомат хяналтын системийг ашиглав.
Харин 2025 онд хавчигдмал зохицуулалтын орчин болон гадаад хүчин зүйлсээс үүдсэн хүндрэлүүдийн улмаас бидний шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлт саармагжив.
Учирсан саад бэрхшээлүүд:
- 2025 онд Монгол улсын зохицуулалтын орчинд шинээр токенжуулсан бүтээгдэхүүн гаргахад таатай бус хэвээр байв. Denode бирж 2023 онд гаргаж байсан токенжуулсан бондын нэгэн адил шинэ бүтээгдэхүүн хөгжүүлж, түүнийг зах зээлд нэвтрүүлэх хүсэлтээ СЗХ-нд өгч татгалзсан хариу авснаар энэ нөхцөл байдлыг мэдэрлээ. Ингэснээр 2022 онд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль батлагдсанаас хойш зөвшөөрөлтэй биржүүд олон нийтэд виртуал хөрөнгө гаргасан тохиолдол байхгүй хэвээр байна.
- Хууль бус цахим мөрийтэй тоглоомтой холбоотойгоор валютын гадагшлах урсгал дотоодын ВХҮҮ нараар дамжиж стейблкойн хэлбэрээр гадагшилж байна гэх улс төрийн шинж чанартай гүтгэлэг газар авч төрийн өндөр албан тушаалтан хүртэл гадаад валютын гүйлгээг гүйцэтгэж буй банкнуудыг биш, дотоодын ВХҮҮ нарыг буруутгаж байв. Үүнтэй холбогдуулан СЗХ болон Монголбанкнаас газар дээрх хянан шалгалт хийхэд Denode биржийн дотоод үйл ажиллагаа, МУТСТ тогтолцоо нь бүгд хууль тогтоомж, журмын хэрэгжилтийг хангаж байгаа бөгөөд мөрийтэй тоглоомтой холбоотой гүйлгээ хийгдэж байгаагүй болох нь нотлогдсон.
- Ийнхүү дэмжлэг багатай зохицуулалтын орчин нь мөн ВХҮҮ болон банк хоорондын харилцаанд сөргөөр нөлөөлж, дотоодын банкууд хуулийн зохицуулалтын дагуу үйл ажиллагаа явуулж буй ВХҮҮ нарын гүйлгээг явуулахгүй царцаах, данс нээх хүсэлтийг татгалзах, энгийн бизнес харилцаа үүсгэхээс татгалзах явдал нь салбарын гишүүдэд энгийн үзэгдэл болсон.
Гэсэн хэдий ч бид эдгээр саад бэрхшээлийг даван туулж, тасралтгүй үйл ажиллагаагаа сайжруулж, бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ хийсээр байв.
2025 оны онцлох амжилтууд
- Хэрэглэгчдийн гар утасны шинэ интерфейс нэвтрүүлсэн
- Хэрэглэгчид хөрөнгө оруулалтын багцтайгаа холбоотой тоо статистик харах боломжтой болсон.
- Харилцагчид өөрсдөө бүртгэлтэй холбоотой мэдээллээ шинэчлэх үйл явцыг хялбар болгосон.
- Арилжааны хэмжээгээ 4 дахин нэмэгдүүлсэн
- Хэрэглэгчийн тусламж үйлчилгээ шуурхай ажиллаж, ямар нэгэн залилан болон хууль эрх зүйн маргаан гараагүй.
- Хэрэглэгчид фиат валютаар тогтмол USDT авах эсвэл зарах боломжтой болсон.
- 73 компанийн нийт 210 удаагийн хувьцааны токены ногдол ашгийг хэрэглэгчдэдээ тараасан.
- Олон улсын криптовалютын арилжааг дамжуулагч олон улсын биржийг сольж Арабын Нэгдсэн Эмират улсын санхүүгийн зохицуулагч байгууллагад бүртгэлтэй дэлхийн №2 биржээр дамжуулдаг болсон.
Онцлон дурдахад Denode биржийн хамт олон Монголын анхны блокчэйн үнэт цаасны арилжааны системийг өөрсдийн блокчэйн сүлжээнд суурилуулан албан ёсоор нэвтрүүлээд байна. Тус системийг хөгжүүлж, 2023 оны 11 сард СЗХ-ны Сэндбоксын зохицуулалтын орчинд турших зөвшөөрлөө авч байсан бөгөөд 2 жил хүрэхгүй хугацаанд амжилттай туршигдаж дууссанаар 2025 онд бид ийнхүү Монголын криптовалютын түүхэнд шинэ хуудас эргүүллээ. Дэлгэрэнгүйг эндээш уншина уу.
Мөн Denode биржийн толгой компани АНД Глобал нь 2025 онд Дэлхийн банкны гишүүн Олон улсын санхүүгийн корпорац (IFC) болон Японы санхүүгийн томоохон групп болох AEON Financial Service-ээр тэргүүлсэн санхүүжилтийн хүрээнд 21.4 сая ам.доллар амжилттай татаж Монголын анхны Series B шатны санхүүжилт авсан компани болжээ. Үүний тухай дэлгэрэнгүйг эндээс уншаарай.
Тиймээс бид эдгээр жилээс жилд бэхжиж буй хамтрагч байгууллагуудын дэмжлэгээр цаашид ч олон бүтээн байгуулалт, сайжруулалтыг үргэлжлүүлэн хийсээр байх болно.
Ирээдүйн төлөв
Цаашид бид дижитал хөрөнгийн токенжуулалтын зах зээлийг өргөжүүлэхийн зэрэгцээ Монголын хөрөнгө оруулагчдад хамгийн аюулгүй, найдвартай, хууль ёсны криптовалютын биржийн байр сууриа хадгалах болно.
Бид дижитал хөрөнгийн токенжуулалтын чадавхаа тасралтгүй хөгжүүлж, блокчэйн дээрх бодит хөрөнгийн (RWA) тоог нэмэгдүүлж, гадаад хувьцааны токены арилжааг өргөжүүлэхийг зорьж байгаа ба харилцагч нартаа олон шинэлэг бөгөөд хэрэгцээ өндөр үйлчилгээнүүдийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
2025 оны гүйцэтгэл болон криптовалютын үйлчилгээ, блокчэйн технологийн шийдлүүд, дижитал хөрөнгийн токенжуулалтын үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.
Ач холбогдол нь өдрөөс өдөрт нэмэгдэж буй дижитал хөрөнгө, криптовалютад хөрөнгө оруулж, Denode платформын хамт дэлхий дахинтай хөл нийлүүлж буй харилцагч танд баярлалаа. Санхүү болон технологийн хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй энэ орчинд бид таны итгэлт түнш тань байх болно.