Монгол Улс дэлхийд анх удаа биржийн бус зах зээл (ББЗЗ)-ийн үнэт цаасны арилжааг блокчэйн технологид бүрэн шилжүүлж, ажлын өдрүүдэд 24 цагаар тасралтгүй арилжаалах боломжийг бүрдүүллээ. АНД Дэнөүд (AND Denode) компанийн хөгжүүлж, нэвтрүүлсэн тус систем нь зохицуулалттай үнэт цаасны арилжааг цаг наргүй гүйцэтгэж, төлбөр тооцоог нэг минутын дотор автоматаар баталгаажуулж байна.
Бид энэхүү системийг хэрхэн бүтээсэн талаарх түүхийг хуваалцаж байна.
Сэндбоксоос бодит зах зээл рүү
Энэхүү аялал Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ны "Регулятор санхүүгийн технологийн орчин" буюу сэндбокст 18 сарын турш туршигдсанаар эхэлсэн юм. Энэ нь шинэ технологийг бодит зах зээлд нэвтрүүлэхээс өмнө хяналттай орчинд үнэлэх зорилготой байв. Энэ хугацаанд АНД Дэнөүд нь СЗХ, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо (МҮЦАЭХ) болон Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ)-тэй нягт хамтран ажиллаж, блокчэйн дэд бүтэц нь үнэт цаасны арилжаанд тавигдах хууль эрх зүй, үйл ажиллагаа болон аюулгүй байдлын стандартыг бүрэн хангаж байгаа эсэхийг баталгаажуулсан.
2025 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод болсон "Mongolia's Capital Market Connectivity 2025" олон улсын бага хурлын үеэр СЗХ-ноос Монголын ББЗЗ-ийг блокчэйн технологид шилжүүлж байгааг албан ёсоор зарласан. Тус арга хэмжээнд Азийн 20 гаруй орны 100 гаруй төлөөлөгч оролцсон билээ.
Блокчэйн систем яг юу хийдэг вэ?
Уламжлалт үнэт цаасны төлбөр тооцоо ихэвчлэн ажлын 1-2 өдөр зарцуулдаг. Худалдан авагч болон худалдагч талууд өмчлөх эрх албан ёсоор шилжих хүртэл зуучлагч байгууллагууд гүйлгээ бүрийг хянаж, тулгаж, олон системээр дамжуулан боловсруулахыг хүлээдэг.
АНД Дэнөүдын блокчэйнд суурилсан арилжааны систем нь энэхүү хүлээлтийг бүрмөсөн арилгасан. Платформ дээр хийгдсэн арилжаа бүр нэг минутын дотор блокчэйн дээр шууд, автоматаар тооцогдоно. Энд гар ажиллагаатай тулгалт, өдрийн төгсгөлийн багц боловсруулалт, эсвэл шилжүүлэг саатсанаас үүдэх төлбөр тооцооны эрсдэл гэж үгүй.
Энэхүү шуурхай төлбөр тооцоо хийх боломж нь 24/5 тасралтгүй арилжааг бодит болгосон юм. Ингэснээр зах зээл ажлын өдрүүдэд цаг наргүй, боловсруулалтын хурд болон найдвартай байдлаа алдалгүй ажиллах боломжтой болсон. Хөрөнгө оруулагчдын хувьд төлбөр тооцоо хурдан хийгдэнэ гэдэг нь бэлэн мөнгөө илүү үр ашигтай удирдах боломж юм. Хөрөнгө нь арилжаа баталгаажихыг хүлээж олон хоногоор түгжигдэхгүй тул хөрөнгө оруулалтаа бараг тэр даруйдаа дахин хуваарилах боломжтой болж байна.
Гурван сарын дотор 40 хувийн өсөлт
Үр дүн нь шууд мэдрэгдсэн. Есдүгээр сард блокчэйн систем нэвтэрснээс хойш гурван сарын хугацаанд ББЗЗ-ийн хоёрдогч зах зээлийн арилжааны идэвх 40 хувиар нэмэгджээ. Зах зээлд оролцогчид энэхүү өсөлтийг автомат төлбөр тооцооны хурд, найдвартай байдалтай холбон тайлбарлаж байгаа бөгөөд энэ нь өмнө нь арилжааны идэвхийг сааруулж байсан саад бэрхшээлүүдийг арилгасан юм.
2025 оны 12 дүгээр сарын 16-наас 24/5 тасралтгүй арилжааны горимд шилжсэнээр хөрөнгө оруулагчид ажлын цагаас гадуур арилжаа хийх боломжтой болж, арилжааны хэмжээ улам бүр нэмэгдэх хүлээлттэй байна.
Хамтын ажиллагааны бүтэц
Блокчэйн ББЗЗ нь дараах дөрвөн гол байгууллагын хамтын ажиллагааны үр дүнд ажилладаг:
- Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ): Банк бус санхүүгийн байгууллагуудыг зохицуулах төрийн байгууллага юм. СЗХ нь зохицуулалтын удирдамж болон сэндбокс орчныг бүрдүүлж, 18 сарын туршилтын хугацааг хянаж, блокчэйн системийг бодит зах зээлд нэвтрүүлэх зөвшөөрлийг олгосон.
- Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо (МҮЦАЭХ): ББЗЗ-ийн бүх арилжааны үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, хянадаг. Үнэт цаасны салбарын өөрийгөө зохицуулах байгууллагын хувьд МҮЦАЭХ нь 2021 оноос хойш мэргэжлийн хөрөнгө оруулагчдад зориулсан ББЗЗ-ийг ажиллуулж байна.
- АНД Дэнөүд (AND Denode): АНД Глобал (AND Global) группийн охин компани болох АНД Дэнөүд нь зохицуулалттай Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч (ВХҮҮ) бөгөөд блокчэйн арилжааны технологийг хөгжүүлж, нэвтрүүлсэн. АНД Дэнөүд нь бодит хөрөнгийг токенжуулах (RWA) болон зохицуулалттай санхүүгийн зах зээлд зориулсан блокчэйн дэд бүтцийг бүтээх чиглэлээр мэргэшсэн.
- Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ): Үнэт цаасны хадгаламж, бүртгэл, өмчлөх эрхийн бүртгэлийг хариуцдаг. Блокчэйн системтэй нэгдсэнээр ҮЦТХТ нь төлбөр тооцоог бүрэн автоматжуулах боломжийг олгосон бөгөөд энэ нь арилжааг шуурхай баталгаажуулах үндэс суурь болсон юм.
Монголын хөрөнгийн зах зээлд үзүүлэх ач холбогдол
Монгол Улсын энэхүү туршлага нь блокчэйн технологийг үнэт цаасны зохицуулалттай зах зээлд зөвхөн туршилт төдий бус, бодит арилжаа, бодит төлбөр тооцоог гүйцэтгэдэг үндсэн дэд бүтэц болгон ашиглаж болохыг харууллаа.
Дотоодын зах зээлд үзүүлэх үр ашиг нь тодорхой байна: шуурхай төлбөр тооцоо нь эсрэг талын эрсдэлийг бууруулж, 24/5 арилжааны цаг нь хүртээмжийг нэмэгдүүлж, автоматжуулсан процессууд нь үйл ажиллагааны зардлыг хэмнэж байна. Харин дэлхийн санхүүгийн салбарын хувьд Монголын ББЗЗ нь блокчэйнд суурилсан зохицуулалттай үнэт цаасны арилжаа нь боломжтой төдийгүй хэдийнэ хэрэгжиж эхэлсэн бодит жишээ болж байна. Уламжлалт санхүүгийн салбар дараагийн үеийн хөрөнгийн зах зээл рүү шилжиж байгаа энэ үед Монголын ББЗЗ нь ирээдүйн дүр төрхийг бодитоор харуулж байна.
АНД Дэнөүд (AND Denode) нь санхүүгийн зах зээлийн блокчэйн дэд бүтэц болон бодит хөрөнгийн токенжуулалтаар мэргэшсэн, зохицуулалттай Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч юм. АНД Денод нь 11 оронд үйл ажиллагаа явуулдаг, 13 охин компани, 250 ажилтантай финтек компани болох АНД Глобал (AND Global) группийн охин компани юм. Дэлгэрэнгүй мэдээллийг denode.io хуудаснаас авна уу.