2024-04-09
Биржийн бус зах зээл (ББЗЗ)-ийн M-OTC платформ блокчэйн үнэт цаасны арилжаагаа эхлүүлж Монгол Улсын санхүүгийн салбарын хөгжилд шинэ хуудас нэмэгдэж байна. Блокчэйн технологийг ашиглах нь Монголын санхүүгийн зах зээлийг шинэ төвшинд гарган үнэт цаасны арилжааны аюулгүй байдал, хөрвөх чадварыг сайжруулах боломжийг бий болгох юм.
2021 онд ББЗЗ-ийн M-OTC платформ анх ашиглалтад орсноос хойш нийт 1.9 их наяд төгрөгийн бондын арилжаа хийгдсэн бол 2023 оны 11 сард Санхүүгийн Зохицуулах Хороо (СЗХ)-ны Сэндбоксын зохицуулалтын орчинд блокчэйн үнэт цаасны арилжааг турших зөвшөөрлөө авсан билээ.
M-OTC платформын анхны блокчэйн үнэт цаасны арилжааг "ЛэндМН ББСБ" ХК болон "Тера Анлимитед" ХХК-ийн бондууд эхлүүлсэн бөгөөд "Тэнгэр Капитал ҮЦК" ХХК болон "Голомт Капитал ҮЦК" ХХК тус тус андеррайтерын үүрэг гүйцэтгэж арилжааг зохион байгууллаа.
M-OTC платформыг Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо (МҮЦАЭХ)-ны удирдлага дор АНД Глобал группийн охин компани “АНД Системс” ХХК хөгжүүлж нэвтрүүлсэн бөгөөд блокчэйн үнэт цаасны арилжааг нэвтрүүлэхэд мөн систем хөгжүүлэгчийн үүрэг гүйцэтгэсэн. M-OTC блокчэйн арилжааны платформ нь олон төрлийн блокчэйн сүлжээ ашиглан арилжаа хийх боломжтой байхаар бүтээгдсэн. Энэ нь системийн уян хатан байдал, хүртээмжтэй байдлыг дэмжих юм.
Сэндбоксын зохицуулалт дор хийгдэж буй анхны блокчэйн үнэт цаасны арилжаа нь “Блокчэйн Сольюшн” ХХК-ийн хөгжүүлсэн ТЕО блокчэйн сүлжээг ашиглан явагдсан бөгөөд ТЕО хувийн блокчэйн ашигласнаар биржийн бус зах зээлийн арилжааны мэдээллийн аюулгүй байдлыг хангах юм.
Монголын Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв (ҮЦТХТ) нь блокчэйн үнэт цаасны арилжааг бэлэн мөнгөний тооцоотой уялдуулах үйл ажиллагаа явуулах бөгөөд энэ интеграци нь төлбөр тооцооны үйл ажиллагааг автоматжуулж, шуурхай гүйцэтгэхээр зохицуулагдсан. Төлбөр тооцоог автоматжуулах чадвар, цагийн хязгаарлалтгүй 24/7 гүйцэтгэх боломж нь зах зээлийн хөрвөх чадварыг мэдэгдэхүйц нэмэгдүүлж, хөрөнгө оруулагчдад илүү хүртээмжтэй байх боломжийг бүрдүүлэх юм.
Биржийн бус зах зээлийн блокчэйн үнэт цаасны арилжаа нь Монгол Улс санхүүгийн инновацад тууштай зүтгэж буйг нотлоод зогсохгүй үнэт цаасны арилжаанд блокчэйн технологийг дэлхийн хэмжээнд нэвтрүүлж буй тэргүүлэгч орон болохыг харуулж байна.